Эхлэл - Нийслэл - Нийгэм
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 14

Малаа биш малчнаа вакцинжуулъя

Бруцеллёз бол малаас хүнд дамждаг малын халдварт өвчин юм. Энэ нь мал хээл хаяж, эцэж тураадаг шинж тэмдэгтэй. Харин хүнд халдварласан тохиолдолд насаараа энэ өвчнөөр өвдөөд зогсохгүй үе мултардаг хор уршигтай. Гэтэл манай улсын аймаг, сумдын нэг малчны хотонд байгаа  малын бараг 20 хувь нь бруцеллёзтой байдаг тухай малын эмч нар ярилаа. Харин хэдэн хүн бруцеллёзтой байдаг тухай  судалсан тоо баримт одоо болтол эрүүл мэндийн салбарт байхгүй юм байна. Цаашилбал зарим аймагт бруцеллёзтой хүнийг малын эмнэлэгт оношилдог тохиолдол ч гарчээ. 1957-1962 онд бруцеллёз бол аяндаа эдгэрдэг гэсэн онол гаргаж байсан бол одоо аяндаа эдгэрдэг биш эдгэрүүлдэг шинжлэх ухаан бий болсон.

 Гэтэл одоо болтол манай улсад малаас хүнд халдварласан өвчинг тухайн аймаг, сум багт оношилдог тогтолцоо байхгүй л байна. 30 гаруй сая малтай манай улсын хувьд малаас хүнд халдварлах гоц халдварт өвчнийг хөдөө орон нутагт  тэр дундаа сум, багт нь нэн тэргүүнд эмчилдэг, судалдаг баймаар байна. Хүйтний улирал эхэлж буй энэ үед шүлхий, бруцеллёз, боом өвчин газар авдаг. Энэ үетэй уралдан малын эмч нар ч эцэг малаас бусдыг вакцинжуулж эхлэх ажил ид өрнөнө.  Малыг эрүүл, чийрэг байлгахын тулд шүлхий, бруцеллёзын эсрэг вакцин хийдэг нь энэ юм. Энэ мэт хөдөө аж ахуй руу чиглэсэн хөрөнгө, зээлийн хэмжээ малчдад багадаагүй.  Тухайлбал, зөвхөн эмийн хэрэглээнд гэхэд л 500 сая төгрөг зарцуулдаг байна. Тиймээс мал вакцинжуулах төлөвлөгөөнд малыг 100 хувь вакцинжуулах ёстой. Болохгүй бол 80-аас дээш хувь вакцинжуулах шаардлагатай гэж тусгадаг. Бруцеллёз халдвартай мал амьтнаас хүнд дамжаад дараагийн мал амьтан руу дамжих батлагдсан 10 тохиолдол илэрсэн тухай ч мэргэжлийнхэн онцолсон юм.  Халдвар тээгч эр мал бусад мал амьтанд халдвар тараах магадлал өндөр байдаг аж. Дараагийн шатны халдварлалтыг бууруулах зорилгоор гурван жил тутамд давтан вакцин  тарина.  Гэтэл зарим аймагт малд вакцин хийж буй малын эмч нарын нүд өвдөх болжээ. 

Хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд багагүй мөнгө хуримтлуулан малчдад тусалдаг. Түүгээр ч барахгүй “Таван эрдэнэ”, “Мал аж ахуйг эрчимжүүлэх” зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Гэтэл малаас хүнд дамжиж буй  өвчнийг адаглаад сумын эмнэлэгт  оношилж чадахгүй байна шүү дээ. Ер нь малыг  заавал вакцинжуулах хэрэг байна уу. Вакцинд цацаж  байгаа мөнгөө малчдынхаа эрүүл мэндэд  хандивлаж болно. Тэгээд малчдадаа бруцеллёзын эсрэг вакцин  хийж малчдынхаа эрүүл мэндийг хамгаалъя.

Сэтгүүлч: Б.Ариунтуяа

Мэдээний линк: http://city.time.mn/content/1544.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...