Эхлэл - Нийслэл - Нийгэм
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 22

Гэр бүл дэх хүчирхийллийг та эхлүүлээд байгаа юм биш биз

       “Гэр бүлийн нэг гишүүний үйлдэлтэй холбогдон гэр бүлийн нөгөө гишүүний сэтгэл зүйд нөлөөлсөн үгээр гутаан доромжлох, заналхийлэх, мөрдөн мөшгих, айлган сүрдүүлэх замаар өөртөө итгэх итгэлгүй болгох, өөрийгөө хамгаалах чадваргүй болгох, эмэгтэйг тусгаарлах, доромжлох, ичээх, сэтгэл зүй, эрүүл мэндэд нь хохирол учруулж болох буюу гэм хор, сэтгэл санааны дарамт учруулсан” -ыг гэр бүл дэх хүчирхийлэл гэдэг аж. Гэвч сүүлийн жилүүдэд “Эхнэр нь нөхрөө хөнөөжээ”, “Хүү нь эцгийгээ хутгалав”, “Төрсөн  ээжийгээ зодсон” гээд хүний санаанд багтамгүй аймшигт хэргүүд сонин хэвлэлээр гарч, ийм жигшүүрт хэргийн тоо ихсэж байгааг албаныхан онцолдог. Монголчууд бид чинь ах дүү, аав ээжийгээ гэдэг элгэмсүү ард түмэн биш бил үү.

       Гал голомтод чинь ямар нэг хүчирхийлэл байгаа юм биш биз. Бидний ээж аав, эмээ өвөөгийн үед танхайрах бүү  хэл эцэг эхийнхээ хэлснээс зөрж үзээгүй тийм хүмүүжлээр хүмүүжсэн гэж тэд шагшин ярьдаг. Тэр үеийг бодвол чөлөөт нийгэмд шилжсэний “гавьяагаар” гэмт хэрэгтнийг “алдаршуулаад” байхаар залуусын хүмүүжилд ч нөлөөлж байгаа нь ойлгомжтой.  Байрныхаа гадаа нарлаж суугаа хөгшдийн амнаас “Одоо ч хүний мөс муудаж дээ” гэх яриа хааяа нэг чих дэлсэнэ.  Ер нь гэр бүлийн хүчирхийлэл бий болох гол үндэс суурь нь архидалт байдаг. Гэтэл монголчууд архийг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүндээ оруулаад даруй 70 жилийн нүүрийг үзэж байна. Хүчирхийлэл  нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай, тухайлбал архидалт, ядуурал зэрэг үзэгдлүүдтэй харилцан хамааралтай байдаг талаар төрийн болон төрийн  бус байгууллагынхан ярьцгаадаг. Архидалт нь хүчирхийллийг дэвэргэхэд хүргэж байгаа гол хүчин зүйлийн нэг юм байна.

       Гэтэл манай улсын насанд хүрэгчдийн 51.2 хувь нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэж байгаа талаар саяхан НЭМГ-ын дарга дурдсан байсан. Гэр бүлийн хүчирхийлэлд эцсийн дүндээ хүүхэд болоод эмэгтэйчүүд, хөгшид өртдөг. Гэтэл тэд хаана, хэнд хандахаа мэддэггүй. Их Британид хүүхдээ зодсон ээжийг шүүхэд өгдөг бол харин манайд хүүхдээ хүмүүжүүлж байна гэсэн нэрийн дор зодох, загнах, муу үгээр хэлэх, гэрийн ажилд нухлах нь байдаг л үзэгдэл. Монголд гэр бүл дэх хүчирхийллийн эсрэг тэмцдэг төрийн бус олон байгууллага байдаг ч тухайн айлдаа хүрч үйлчилж байгаа нь хэд билээ. Хүчирхийлэлд өртөгсдөд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, сум, баг, хороодод хүрч үйлчлэх гээд энэ чиглэлд тулгамдсан олон асуудал байна.  Эцэст нь хэлэхэд гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг та л бүрдүүлнэ шүү дээ.

Сэтгүүлч: Б.Ариунтуяа

Мэдээний линк: http://city.time.mn/content/2122.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...