Эхлэл - Нийслэл - Экологи
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 3 сарын 27

“Чацаргана” хөтөлбөрт хамрагдах боломжтой

Засгийн газраас баталсан “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран хаврын сургалт зохион байгуулж байна. 

Амьдрал ахуйгаа дээшлүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд явагдаж байгаа уг сургалт маргааш дуусах бөгөөд сонирхсон иргэдэд нээлттэй, цаашид хамтран ажиллах боломжтой аж.

Уг арга хэмжээг жилд таван саяас доошгүй суулгац бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж тариалсан талбайн хэмжээг 10.0 мянган га хүртэл нэмэгдүүлж хэрэгцээт жимсний 10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болох, чацаргана хураах ажиллагааг хөнгөвчлөх, жимсийг боловсруулах техник, технологийг боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр жимс, жимсгэнэ, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах маркетингийн сүлжээг бий болгох зорилттойгоор зохион байгуулсан байна. 

Дашрамд дурдахад, жимс жимсгэний суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор жилд 800 мянган ширхэг суулгац үйлдвэрлэх 10500 м2 талбай бүхий 75 ширхэг нийлэг хальсан хүлэмжийг найман аймгийн 20 иргэн, аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна.

Манай улсын хувьд БНХАУ-ын Засгийн газрын 13.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд жилд 5000 тн чацаргана боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Улаанбаатар хот, Ховд, Булган зэрэг аймгийн нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжид жилд 1500 тн жимс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлж 1.68 тэрбум төгрөгийн зээл олгохоор Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас шийдвэрлэжээ.

Г.Долгорсүрэн



Мэдээний линк: http://city.time.mn/content/26708.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...