Эхлэл - Нийслэл - Хот дүүрэг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 7 сарын 19

Айл өрхүүд цахилгааны үнэ дээр суурь хураамж нэмж төлдөг болно

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах газраас эрчим хүчний үнэ тарифтай холбоотой  асуудлаар  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд  Эрчим хүчний зохицуулах хорооны дарга  С.Отгонбаяр, Зохицуулалтын газрын дарга С.Цэцгээ, зохицуулагч Д.Батсайхан, Н.Мягмарсүрэн нар оролцов. Албаныхны хэлж байгаагаар Монголын эрчим хүчний салбар 60 гаруй хувийн алдагдалтай байгаа бөгөөд одоо мөрдөгдөж байгаа тарифаар яваад байх юм бол  ирэх он гэхэд эрчим хүчний хямралд орно гэлээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний  үнэ тарифанд хамгийн сүүлд хоёр жил гурван сарын өмнө өөрчлөлт оруулж байжээ. Тухайн үед валютын ханш 1230 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1469 болж нэмэгдсэн байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны долдугаар сарын 16-ны хуралдаанаар  Эрчим хүчний үйлдвэрүүдийн техник, санхүү эдийн засгийн нөхцөл байдал, импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ өсч байгаа зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч, хэрэглэгчийн хэрэглээнд зохих судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Ухаалаг хэрэглээг дэмжсэн” үнэ тарифын зохицуулалт  хийх шийдвэр гаргаж, цахилгаан, дулааны үнийг нэмэх шинэ тогтоол гаргаад байгаа юм. Тогтоол ирэх сарын 1-нээс  хэрэгжиж эхлэнэ.

Орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч дулааны нэмэгдэл хураамж төлнө

Шинэ тогтоолоор  дулааны үнийг хэрэглээнээс гадна суурь хураамжийн хамт төлөхөөр зохицуулжээ.  Улсын хэмжээнд орон сууцанд амьдарч байгаа иргэд сууцны талбайн хэмжээнээс хамаарч  суурь хураамж төлдөг болж байна.  Тодруулбал, 40 мкв талбайд нэмэгдэл 3000 төгрөг, 40-80 мкв бол нэмэгдэл 5000 төгрөг, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлнө гэсэн үг. Манай улсын хэмжээнд 40-өөс дээш мкв талбайтай орон сууцанд амьдардаг  110 мянга гаруй айл өрх байгаа аж.

Уул уурхайн салбарт  эрчим хүчний  тарифыг 30 хувиар нэмлээ

Өмнө нь өдрийн, шөнийн, цагийн тариф, тоолууртай, тоолуургүй гэсэн олон шатлалаар үнийн систем явдаг байсан юм.  Эдгээр олон шатлалуудаас болж төөрөгдүүлсэн иргэдийн зүгээс цөөнгүй гомдол ирдэг байжээ. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос уг шатлалд өөрчлөлт оруулж хоёрхан үнийн шатлалыг гаргахаар болж  байгаа юм. Тодруулбал 150 кват хүртэлх цахилгаан хэрэглэж байгаа иргэд, айл өрхүүд 79 төгрөг, 151 кватаас дээш цахилгаан хэрэглэж  байгаа айл өрхүүд 96 төгрөг төлнө гэсэн үг. 79 төгрөг бол одоо мөрдөгдөж байгаа эрчим хүчний дундаж тариф юм байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж ашигт малтмалын баялгийг ашиглаж байгаа уул уурхайн компаниудад  эрчим хүчний тарифыг  30 хувиар нэмэхээр боллоо.  Учир нь ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг, дээрээс нь татвараа цаг тухайд нь сайн төлдөггүй томоохон аж ахуйн нэгжүүд  эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг эзэлдэг байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга  С.Отгонбаяр
:
Ухаалаг хэрэглээнд шилжинэ гэхээр бид өөрсдөө эрчим хүчээ хэмнэлттэй зарцуулах ёстой гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл, эрчим хүчээ байгаа хэмжээгээр нь хэрэглээд байх юм бол манай эрчим хүчний салбар ирэх он гэхэд хэрэглээгээ давж чадахааргүйд хүрээд байна. Манай улсын эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Тиймээс алдагдалтай ажиллаж ирснийг санхүү, эдийн засгийн чадавхийн хувьд тодорхой хэмжээгээр дэмжих хэрэгтэй байна.

Эрчим хүчгүйгээр бидний ажил зогсохоос хойш одоо хэрэгжиж эхлэх гэж байгаа энэхүү эрчим хүчний ухаалаг бодлогыг  иргэд дэмжинэ гэдэгт найдаж байна.

Манай хороо эрчим хүч, дулааны хэрэглээнд зохистой  зөв хэрэглээг хэвшүүлэхийн тулд иргэддээ зориулсан үнэ тарифыг тооцож үзээд шийдвэрээ гаргасан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  Цаашдаа үнэ эрчим хүч, дулааны үнэ тарифыг нэмэх асуудлаас зайлсхийх асуудлаар бид ярилцаж  байгаа.

Т.Жанерке



Мэдээний линк: http://city.time.mn/content/31988.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...