Эхлэл - Нийслэл - Бүтээн байгуулалт
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 9 сарын 16

Техникийн захуудыг нэгтгэж “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар төлөвлөж байна

Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаалах аж ахуйн нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь импортоор орж ирж байгаа авто машины эрэлттэй холбоотой бөгөөд улсын хэмжээнд жилд дунджаар 45 000 авто машин шинээр нэмэгддэг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд  авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян  хурах, Сутай буянт ХХК гэсэн 9 зах  ажиллаж байна. 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захуудаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн авто замын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болж байгаа юм. Нөгөөтэйгүүр техникийн захууд олон байршилд үйл ажиллагаа явуулдаг нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг дагуулдаг. Тиймээс эдгээр авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг захуудыг нэгтгэж “Авто худалдааны цогцолбор” байгуулах газрыг эзэмшүүлэх” тухай асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 09 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гарган, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болжээ.  Эхний төлөвлөлтөөр “Авто худалдааны цогцолбор”-ыг СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт Хотын шинэ төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон 2030 оны хөгжлийн чиг хандлагын авто замын сүлжээтэй уялдуулан байгуулахаар төлөвлөсөн байна.  Авто худалдааны цогцолборт худалдаа үйлчилгээ болон офиссын барилга, авто экспо төвийг төлөвлөсөн бөгөөд тус төвд олон улсын чанартай үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулах боломжтой гэж тооцоолж байгаа юм. Мөн авто машины худалдаа, түрээсийн болон нарнаас эрчим хүч хураагчтай саравч бүхий задгай зогсоолыг төлөвлөлтөд тусгаж, худалдан авагч нарт зориулан туршилт хийх хатуу хучилттай авто зам байгуулах юм. “Авто худалдааны цогцолбор” бүрэн ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурахаас гадна иргэд нэг дороос худалдаа хийх таатай боломж бүрдэх юм.  Эхний ээлжинд цогцолбор байгуулах 130 га газрыг нийслэлийн ЗДТГ-т 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх бөгөөд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батална. Ингэснээр техникийн захуудыг төвлөрүүлж, “Авто худалдааны цогцолбор” байгуулах ажил албан ёсоор эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Мэдээний линк: http://city.time.mn/content/34630.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...