Эхлэл - Нийслэл - Хот дүүрэг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 1

SOS: Аюул далласан арьс ширний үйлдвэрүүд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд арьс шир, ноос ноолуур, үслэг эдлэл боловсруулах үйлдвэр болон бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд дөрвөн сарын хугацаанд шалгалт хийжээ. Шалгалтад арьс ширний 32 үйлдвэр, Ус сувгийн удирдах газрын харьяа төв цэвэрлэх байгууламж, “Баянгол” ус ашиглалтын товчоо, Нисэхийн салбар, Нисэхийн салбарын Биогийн хэсэг, Налайх дүүрэг дэх “Чандмань-Налайх”, Багахангай дүүргийн “Багахангай” ус ашиглалтын товчоо, “Урьдчилан цэвэрлэх байгууламж”, “Багануур-Ус” зэрэг найман цэвэрлэх байгууламж хамрагдсан байна.

Арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ. Тухайлбал, “Белон”, “Арилдий”, “Шандаст аргамаг” компаниуд хятадуудын авчирсан арьсыг өөрсдийнх нь бодисоор боловсруулж байсан аж. Мөн химийн бодисын агуулах нь шаардлага хангахгүй, агааржуулах системгүй, аюул осол гарсан үед авах арга хэмжээний зааваргүй ажиллаж байсан нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг зөрчжээ. Түүнчлэн “Эм Ди Си Пи”, “МонФорте”, “Нэхээсгүй эдлэл”, “Түмэн Гонгор”, “Капродаро”, “Жи Эс Фи”, “Санширо” зэрэг компани технологийн зааваргүй үйл ажиллагаа явуулж байсан нь Арьс шир, үслэг боловсруулах  үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй байна. Тиймээс 21 аж ахуйн нэгжийг нийт  долоон сая орчим төгрөгөөр торгожээ.

Энэ нь байгаль орчныг хордуулж, бохирдуулсны хариуд төлж буй мөнгө. Ийм хэмжээний мөнгөөр байгаль орчин нөхөн сэргээгдэх үү гэдэг нь тодорхойгүй. Наад зах нь арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд гарч байгаа лаг болон бусад хаягдлаа хогийн нэгдсэн цэгт аваачиж хаядаггүйгээс орчны аюултай /эрсдэлтэй/ нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Нөгөөтэйгүүр арьс шир боловсруулах үйлдвэрийн технологи үйл ажиллагаа, туршилт, сорилтын ажилд зайлшгүй шаардлагатай  дотоодын хяналтын тогтолцоо алдагдсан байна. Үйлдвэрүүдийн хог хаягдлын цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлт харилцан адилгүй, хэд хэдэн үйлдвэр нэг хашаанд үйл ажиллагаа эрхэлдэг тул нэг нь нөгөөгийнхээ талбайд хог хаягдал хаях, дундын эзэмшлийн худгаас гаргасан лаг, хог хаягдлыг ил задгай хаядаг гээд бодохоор байгаль орчинд ямар хэмжээний хор хөнөөл учруулж байгаа нь тодорхой.

Халдварт өвчнөөр өвчлөх  нөхцөл бүрджээ
Цэвэрлэх байгууламжууд нь стандарт хэмжээнээс хэд дахин их бохирдолттой усыг хөрс, усанд шууд нийлүүлж байна. Тодруулбал, Нисэх, Биокомбинат, Баянголын цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч буй бохир усыг халдваргүйтгэлийн бодисын нөөц дууссан гэх шалтгаанаар Туул голд шууд нийлүүлж байгааг шалгалтаар илрүүлжээ. Түүнчлэн Дархан, Шарын гол, Хонгор сумдын цэвэрлэх байгууламж нь стандартын шаардлага хангаагүй бохир усыг Хараа голд шууд нийлүүлж байгаа нь Усны болон Газрын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж буй.  Мөн Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн бохир ус хүлээн авах сангийн дэргэд шугам гэмтсэнээс бохир ус шүүрч хөрс, орчинг бохирдуулж байна. “Дархан-Ус суваг” компанийн төв цэвэрлэх байгууламж газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Мөн үйлдвэрүүдийн ахуйн бохир усыг зайлуулах өмнөд станцын хүчин чадал хүрэлцээгүйгээс аваарын хаалтыг байнга нээлттэй ажиллуулж зөвшөөрөгдөөгүй зориулалтын бус талбайд бохир ус асгаж байна.

 УБТЗ-ын Сайншанд дахь орон сууцны ангийн харьяа Сайншанд сумын дөрөвдүгээр багт байрлах цэвэрлэх байгууламжийн карт хоорондын далан сэтэрснээс бохир ус гадагш урсаж хөрс бохирдуулж байгаа аж. Мөн сумын хоёрдугаар багт байрлах “Чандмань илч” компанийн цэвэрлэх байгууламж хүртэлх бохир усны төв шугам хоолой хагарч гэмтсэнээс  бохир ус хальж орчин тойрондоо хөрсний бохирдол үүсгэж,  халдварт шар болон гэдэсний төрлийн халдварт өвчнөөр өвчлөх  нөхцөл бүрдүүлжээ.

УБТЗ-ын Сайншанд дахь барилга орон сууцны ангийн харьяа Айраг сумын цэвэрлэх байгууламж бохир усыг цэвэршүүлэхгүй шууд урсаж хөрсийг бохирдуулаад зогсохгүй хаалт хамгаалалтгүйгээс мал амьтан шууд нэвтэрч ундаалж  байгаа нь аюулын харанга дэлдэж байна.  Дээрх байгууламжууд нь 1964-1990 оны хооронд байгуулагдсан бөгөөд хүчин чадал нь тухайн үеийнхээ нөхцөл байдалтай уялдсан тул өнөөдрийн үйлдвэрлэл, үйлчилгээ, хүн амын нягтрал суурьшлын хурдыг гүйцэж ажиллаж чадахгүй байгаль  бохирдуулсаар байна. Холбогдох байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж ажиллахгүй бол нийслэл төдийгүй орон нутагт ч цэвэр ус олдохгүй болох нь.

Time.mn сайтын сэтгүүлч: Г. Долгорсүрэн



Мэдээний линк: http://city.time.mn/content/683.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...